Манай фитнест ядуувтар нэгэн залуу явдаг юм…

Манай фитнест ядуувтар нэгэн залуу явдаг юм. Өдөр бүр түүнтэй таарна. Багш хэлэхдээ мөнгөө олон хувааж төлдөг ч хэлсэн цагтаа яг л өгдөг тул багш явуулах дуртай. Би баян, ядуугийн тухай улиг болсон сэдвийн талаар биш сэтгэлийн хүч гэж юу байдаг тухай энгийнээр тайлбарлахыг оролдлоо. Би тэр залууг ихэд хүндэлдэг. Та удахгүй шалтгааныг нь мэдэх болно. Бид бүгдэд яагаад ч дийлдэдгүй сул талууд байдаг. Яаж ч хичээгээд болдоггүй. Яагаад гэвэл биднээс хүчтэй учраас л тэр байх. Мөн чанараараа байхыг ихэд хичээвч, хүний дор орохгүйн тулд хиймэл дүр эсгэж л амьдарцгаах болж. Болж байна, бүтэж байна гэж бусдад харуулахын тулд мөн чанартаа авч дийлэхгүй бүгдийг зээлээр авч тансаг машин унана, жижиг зурагт үзэхээс ичиж заавал томыг нь шилж сонгон бас л зээлээр авна. Авч дийлэх өчнөөн гар утас байхад заавал аль үнэтэй, загвартайг нь зээл хөөцөлдөн байж барина.

Ердөө л хүний дор л орохгүйн тулд шүү дээ. Бид бүгдэд иймэрхүү, хүнээс “ичих” зүйлс их байдаг ч түүнээс ангид хүмүүс бас байх юм. Доог тохуутай харц, ширэв татсан дээрэнгүй авир, арчаагүй амьтан гэж араас шивнэлдэх үгс аль алин нь тэд нарыг зогсоохгүй. Энэ зурган дээрх гутал нөгөө ядуу залуугийн гутал юм. Зааланд орохдоо хуучин муу гутлаа тайлж, зочид буудалд өгдөг нэг удаагийн улавч өмсөөд л ороод ирнэ. Гоё пүүз авах мөнгөгүй ч өөрийгөө хөгжүүлэх мөнгийг бол тэр залуу олдог! Ихэнхдээ эсрэгээ байдаг л даа. Энэ бол сэтгэлийн хүч юм. Түүний маш тод илрэл. Өөрийгөө хэн бэ гэж харуулж буй явдал. Ийм л хүмүүс амжилтанд хүрч, сайхан амьдарч чадна. Ийм л хүмүүс өөртөө зорилго тавьж тэрэндээ хүрч чаддаг. Ийм л залуус амьдралаа өөрийн гараар босгодог юм.

Тавчигтай дасгал хийхэд түүнд эвгүй байдаг нь хэнд ч анзаарагдам. Яагаад гэвэл бүгд л түүн рүү гайхан харцгааж, зарим нь дооглонгүй инээлдэнэ. Гэвч тэр үүнээс болж нэг ч удаа фитнесээ тасалж байсан удаагүй. Би тэр залууг анх ирэхээс нь л ажиглаж байгаан. Тэр хэзээ ч бусдыг дээрэлхэхгүй гэдэгт би итгэдэг. Бага сага төмөр өргөж, булчинтай болсоноо гайхуулж аархан омгорхож, цээжээ төвийлгөн, муухай харцаар бусдыг түлж, шүлсээрээ гудамж будан явахгүй, аар саархан зүйлээр зодоон хийхгүй. Тэр даруу төлөв, үг цөөнтэй, харц зөөлөн. Туранхай, өндөр, нүдний шилтэй, байдаг л нэгэн оюутан залуу. Тавчигтай фитнест явах байтугай загвар нь хуучирсан пүүз өмсөхөөсөө ч ичдэг маш олон залуусыг би танина. Дугуй унаж явахыг гутамшиг мэт үзэн, саахалт айлын зайнд ч машин хөлөглөн уулгалан давхилдана. Ердөө л хүний дор орохгүйн тулд шүү дээ, хөөрхийс.

Маргааш би түүнд танилцах санал тавингаа, гоё пүүз бэлэглэнэ ээ. Түүнийг гомдоочихгүйн тулд хэрхэн яриа өдөх, ямар үгс сонгохоо ч би сайн мэдэхгүй байна. Намайг битгий их шүүмжлээрэй хүмүүс минь, зөвхөн өөрийн бодлоо л ил хэллээ. Сэтгэлийн хүч гэдэг өдөр тутам бидний амьдралд тохиолдох үл анзаарагдам энгийн зүйлд оршиж байдгийг надад ойлгуулсан чамд би баярлалаа. Магад би амьдралынхаа ханиа олсон ч байж мэдэх юун. Маргааш хурдан болоосой.

Via Bataa Bat

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*