“Хар гэрт аваачих” хаалгыг нээлгэх хараал хийлгэж байхад нь залбираад сууж байжээ

Ажлаасаа тараад гэртээ иртэл яг хөлийнх нь өлмийн тушаа нэг хуйлаатай цаас байжээ. Эхэндээ нэг их тоолгүй, хөлөөрөө цааш өнхрүүлчихээд явган сандал дээр сууж гутлаа тайлах зуураа “Чамд хэлэх үгээ үлдээсэн, өөр ярих юм байхгүй” гээд утсаа тасласан нөхрийнхөө үгийг санажээ. Тэгээд нөгөө бичгийг авч задалтал нөхрийнх нь бичиг биш мөртлөө “Оюунгэрэл”-д гээд томоос том тодотгон бичсэн байж.

“Чамд ийм зурвас бичих болсон шалтгааныг чи сайн мэдэж байгаа… Би авах ёстой юмаа авлаа. Ямар нэг хэл үг хийх юм бол эвгүйтнэ гэдгээ мэдэж байгаа биз дээ…” гээд татлан зурсан гарын үсэг. Оюунгэрэлийн бүх бие салгалж, бухимдал нь бараг хоолойг нь багалзуурдахтай адил юм болсон тул гал тогооныхоо өрөөнд орж хүйтэн ус залгилаад, тамхиа асаасан байна. Тэгтэл ширээн дээр нь бас нэг зурвас байжээ.
“Би гэртээ харихаар явлаа. Намайг чамтай суух гээд гарч явахад тэр хүн юу ч хэлээгүй. Харин ч боломж олгосныг санаж байгаа биз… Чамайг яг тэр хүн шиг ухаантай байна гэдэгт итгэж байна”. Нөхөр нь гараараа бичсэн ийм зурвас. Бүсгүй гайхаж, юу болоод байгааг ойлгох гэж зөндөө удаан суужээ. Гэтэл утас нь дуугарч, дугаарыг хартал ярих нь бүү хэл нэрийг нь хэлэхээс ч дургүй нь хүрдэг нэг эрийнх байж. Энэ удаа Оюунгэрэл түүнтэй ярьсан байна. Тэр байтугай түүний оройн зоогт урьсан урилгаас нь хүртэл татгалзаагүй аж.

Гэтэл түүний салсан нөхөр Дэмбэрэл нь Оюунгэрэлд бичиг орхиод явсан эрийг хүртэл мэдэж, бүх үйл явдлыг зурагтаар гарсан мэт ярьж, бүсгүйн нүдийг орой дээр нь гаргажээ. Дэмбэрэлээс салаад удаагүй байхдаа Гансүх гэх залуутай нэг гэрт орж найман жилийг өнгөрүүлсэн ажээ. Дэмбэрэл нь Америк яваад сураггүй алга болж, тэндээ амьдрал төвхнүүлснийг сонссон бүсгүй голдоо ортол гомдон Оюунгэрэл гурван хүүхдийнхээ овгийг солиулж, өөрийн хүчээр зүтгэж, хөдөлмөрлөсөөр байгаад Монголдоо толгой цохих бизнесмэн болсон байна. Нэг үеэ бодвол хүүхдүүд нь нас биед хүрч, үр хүүхэд нь өсч өндийхтэй зэрэгцэн ажил үйлс нь өөдлөн дэвжиж, барилгын болоод хүнсний үйлдвэрлэлийн салбарт хөл дээрээ бат зогсчихоод байх үед нь эртний танил Гансүх гэх эр Оюунгэрэлийг эргүүлдэн, сүүдэр шиг дагах болсон байна.

Анхныхаа нөхрөөс хойш итгэл алдарсан бүсгүй төдийлөн нүүр өгөхгүй байжээ. Учир нь, өөрийн өсч яваа хүүхдүүдийн дэргэд дахин хүнтэй суухыг хүсээгүй бөгөөд хамгийн гол нь Гансүх ардаа амьдралтай, эхнэр хүүхэдтэй нь түүний зайтай, хөндий явах гол шалтгаан байжээ. Гансүх, Оюунгэрэл хоёр нэг байранд өссөн, зэргэлдээ ангийнх учраас бие биеэ сайн мэдэх аж. Тэгээд ч дунд сургуульд байхдаа л Гансүх түүнийг ээрч, хайр сэтгэлээ илчилж явсан хэдий ч Оюунгэрэл, Дэмбэрэл хоёрын үерхэл аль хэдийнэ эхэлсэн байсан тул жирийн сайхан найзууд байх болсон байна. Нэг удаа Оюунгэрэлийг Бээжинд ажлаар очтол түүний байрлах зочид буудалд Гансүх байжээ. Тэрбээр эмчилгээ хөөцөлдөж ирсэн гээд “Амьд явах хугацаа минь дуусч байгаа бололтой… Намайг бие муутай, хойшид удаан амьдрах боломжгүй болохоор эхнэр хүүхдүүдээ аваад явсан” хэмээн их л өрөвдмөөр байж. Энэ үед нь Оюунгэрэл хүнлэг, сайхан сэтгэлийн үүднээс “Эмчилгээ, шинжилгээндээ нэмэрлээрэй” гээд бас ч чамлахааргүй мөнгө өгсөн байна.

Өдөр болгон утсаар ярьж байсан Гансүх эмчилгээ нь дуусаад ирэхдээ шууд Оюунгэрэлийн гэрт чемодантай хувцсаа бариад иржээ. – Ийм юм байж болохгүй… хэмээн Оюунгэрэл зөндөө учирласан боловч Гансүх ажилдаа ч явахгүй өрөөнд нь очиж, сахиж суусаар байгаад: – Үнэхээр эхнэр чинь чамайг орхиод явсан юм бол би чамайг ийм байдалтай байхад чинь цаашаа гээд яах вэ гэсэн үгийг хэлүүлсэн аж. Ийнхүү эртний танил хоёр нэг гэрт орсон аж. Гансүхтэй суусан он жилүүд санасныг бодвол хэвийн, бие биедээ түшигтэй сайхан байсан гэдгийг Оюунгэрэл өнөөдөр ч хэлж байгаа юм. Харин түүнтэй суусан зорилго нь өөр байсанд харамсч, тэр тусмаа ийм аймаар ангал руу түлхэж хаячихаад “салсан” эхнэртэйгээ яваад өгсөн эрийг “хүн” гэж хэлэх арга алга хэмээн аргаа барж сууна. Тэрбээр одоо “залилан”-гийн гэх эрүүгийн хэрэгтэн болоод 11 жилийн хорих ялыг эдэлж байна. Гурван жил гаруй сунжирч, хоёр удаа “Хэрэг биш” хэмээн хаагдаж байсан “Газрын маргаан” хэмээн нэрлэсэн цэвэр хуйвалдаан, луйврын асуудлыг жилийн өмнө сөхөж, “Сэргээж шалгах шаардлагатай” гээд хуулийн байгууллага дамжин зузаарсаар эцэст нь Оюунгэрэлийг ийм аймшигтайгаар хорьж шийтгэжээ.

Сар гаруйн өмнөөс Гансүх, Оюунгэрэл хоёрын дунд гэр бүлийн чанартай нэг маргаан дэгдсэн нь зориуд дэглэсэн жүжиг байсныг бүсгүй тухайн үедээ огт анзаараагүй байна. Оюунгэрэлийн том хүү Америкаас амралтаараа ирээд байжээ. Зуны дэлгэр цаг байсан тул хүү нь Гансүхийн унадаг том тэргээр хөдөө явсан аж. Хүү хөдөөнөөс ирсний маргааш өглөө Гансүх: – Машин эвдэлчихсэн байна… гээд жигтэйхэн уурлаж, хүүтэй үг сөргөлдсөн байна.
– Хаана, юу эвдэрсэн байна? Оношлогооны төв ороод үзүүлж байгаад засуулчихна. Та яагаад ийм зан гаргаад байгаа юм бэ?
– Юу ч мэдэхгүй, чадахгүй юм байж нэг л их зан. Чиний засуулдаг гэж юу байдаг юм бэ?

Гансүх, хүү хоёр нь ийн маргалдахад Оюунгэрэл үг дуугараагүй бөгөөд харин ч хүүгээ зэмлээд, нөгөөдхийгөө аргадаж үзжээ. Гэтэл Гансүх:
– Би энэ гэрт багтахаа больж. Тэгээд л чиний хүүхдүүд миний өөдөөс цор цор хийж байгаа юм. Энэ бол чиний хийж байгаа ажил. Надад ч бас гэр орон, үр хүүхэд байгаа шүү хэмээн башир далд санаагаа ил гаргасныг нь мөн л анзаарч, ухаж ойлгоогүй байна. Үүнээс хойш хүүтэй нь ам ангайвал үгийг сөргөөд нэг л сонин болсон тул Оюунгэрэл:
– Чи өөрийн зан аашийг одоо ил гаргаж байгаа юм уу? Яагаад ийм зан гаргаад байгаа юм гээд Гансүхэд хатуухан хэдэн үг хэлж орхижээ. Гэтэл хүү нь Америк явсны маргааш орой Гансүх, – Чиний хөрөнгө, мөнгө юу ч биш. Зүгээр л чихрийн цаас. Өөрийгөө үргэлж ийм баян, тарган явна гэж бодоо юу гээд элдвийн үгээр дайрч давшилсан эр маргааш нь ийм хоёр янзын бичиг үлдээгээд явжээ. Түүнийг салсан эхнэртэйгээ буцаад суусан гэхэд итгэж чадахгүй байсан бүсгүй цагдаагийн газраас зарлан дуудах бичиг ирэнгүүт айдас нь төрж байсан ч “Хийсэн гэм байхгүй” гэдэгтээ итгэлтэй байсан учраас хууль шүүхийн өмнө очихдоо огт айгаагүй гэнэ. Гэвч явсаар байгаад яалт ч үгүй бүх буруу Оюунгэрэл дээр буужээ.

Гансүхтэй хамт амьдарч байхдаа Оюунгэрэл 64 айлын орон сууц бариулахаар газар авсан байна. Урьд нь тэр газарт хятадууд түрээсээр агуулахын зориулалттай хэд хэдэн чингэлэг тавьсан бараг хоосон шахам том хашааг ашиглаж байжээ. Нэгэнт тэр газрыг өөр зориулалтаар ашиглах эрхийг хууль номын дагуу авсан учраас Оюунгэрэл барилгын ажилдаа бэлтгэн газар шорооны ажлаа эхлүүлсэн байна. Энэ бүх ажлыг ханиа болгон сонгож авсан Гансүхдээ хариуцуулаад хааяа өөрөө очиж байдалтай нь танилцан, ерөнхий зохион байгуулалт, хөрөнгө мөнгөний асуудлыг зохицуулах ажлыг хариуцсан байна. Тэр газрыг түрээсээр ашиглаж байсан хятадууд их л дуулгавартай чөлөөлж өгсөн аж.

Нэг өдөр Гансүх: – Газар түрээсэлж байсан хятад эзэн хамтарч ажиллая, хөрөнгө оруулъя гэсэн санал тавьж байна. Би нэлээд ярилцаж үзлээ. Бээжинд ар гэр нь байдаг, барилгын чиглэлд их туршлагатай хүн байна. Тэр хүний орчуулагчийг би таньдаг, олон жилийн өмнө танилцаж, хамтарч ажиллаж байсан их сайн орчуулагч байх юм гэжээ. Оюунгэрэл тухайн үедээ хятадуудтай хамтран ажиллахыг огт дэмжээгүй болохоор “Сайн судалъя. Германаас хангалттай хөрөнгө орж ирэх юм чинь өөр бусадтай хамтрах хэрэг байна уу?” гэсхийгээд өнгөрсөн байна. Гэвч Гансүх цөөхөн хоногийн дараа мөн л “Нөгөө хятад эзэн уулзъя гээд байна. Оройн хоолонд урьсан” хэмээн ихэд шамдангуй байжээ.
– Чи сайн ярилцаад үз. Би чиний урдуур гүйж очоод юу ярих вэ дээ. Орчуулагч нь чиний танил, зангаа сайн мэдэх улс юм бол учиртай биз. Миний хөгшин уулз.

Оюунгэрэл ингэж л хэлсэн байна. Нөхрийгөө юм хийх бас хамтран ажиллах, хөрөнгө оруулагч олох гээд байхад нь хориглоод, худлаа дүрэмдэхийг хүсээгүй аж. Ингээд Гансүх гүйсээр яваад Бао Лин гэх хятад эрийн “Дүүрэн” гэх компанитай хамтран барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон байна. Барилгын ажил бараг талдаа орж байсан энэ үед Гансүх гэнэт ийм авир гарган хуучин эхнэр дээрээ очсон нь учиртай байжээ.

Тэрбээр хүний үнэргүй зан гаргаж, эцэст энэ бүсгүйг хорих ял руу түлхсэн байна. Цагдаагийн байгууллага Оюунгэрэлийг “Хууль бусаар газар авч байшин, барилга бариулсан. Хятадын иргэнийг залилан мэхэлж, газрыг өөрийн нэр дээр танил талаа ашиглан шилжүүлж авсан. Бусдад 160 сая төгрөгийн хохирол учруулсан. Ингэхдээ “Хөрөнгө оруулагч” нэрээр залилан мэхэлжээ. Тэгсэн атлаа орон сууцны захиалагчтай хийх гэрээг өөрийн нэр дээр хийж, ашгийг ганцаар авах арга сүвэгчилсан” хэмээн буруутгаад прокурор, шүүхийн байгууллагынхан ч дуу нэгтэй Бао Ли гэх хятад эрийг хохироосон гэж үзэн ял оноожээ. Үнэн хэрэг дээрээ тэр газрыг бүх ном журмын дагуу авсан бүх гэрчилгээ, баримт бичгийг хуурамч гэж үзжээ. Архив болон холбогдох төрлийн байгууллагаас лавлагаа авах хүсэлт удаа дараа гаргасан боловч дүүргийн газрын албаны хариуцлагагүй нэг ажилтны тэр газрыг давхардуулан олгоод, давхар шийдвэр гаргуулсныг Оюунгэрэлийн буруу болгожээ.

Хэзээ хойно түүнд олгосон газрын шийдвэрийг хүчингүй болгуулсан атлаа түүнд байгаа бичиг баримтыг хуурамч гэж үзсэн байна. Энэ бүх луйвар, дээрмийг Оюунгэрэлийн өлмийд сөгдөн сууж байгаад суусан Гансүх, “Дүүрэн” компанийн орчуулагч Цэцэнбилэг хоёр хуйвалдан хийсэн нь тодорхой аж. Мөн Гансүхийн эхнэр Цогтсайхан гэх өвөрлөгч гаралтай эмэгтэйн оролцоо их гэдгийг Оюунгэрэл хожим мэдсэн байна. Гансүх эхнэрээсээ хуурамчаар салж, бараг найман жил шахам тусдаа амьдарсны учир нь эхнэр Цогтсайхан нь ихээхэн мөнгөний өрөнд орсон байжээ. Хятад хэлний хэлмэрч гэх энэ эмэгтэй Бао Лид 150 сая төгрөгийн өрөнд орсны учир нь тэр түрээсийн газрыг авч өгнө гээд авсан хахууль нь байжээ.

Гэтэл Цогтсайхан газрыг авах чадал нь хүрээгүйгээс Бао Ли түүнээс мөнгөө нэхэж, цагдаад хандсан байна. Энэ үед эхнэр, нөхөр хоёр хуйвалдаан зохиож, “Түр салж, баян хүүхэн “Холгож, саах” арга сэджээ. Нэгэнт тэр хүнээс мөнгийг авч, “сааж” энэ их өрийг дарах юм чинь эргээд хэл үг гаргахгүйн тулд “намнах” ёстой гэдгээ ч бас мартаагүй аж. Ингээд хил даван алга болсон эхнэр нь нөхрийнхөө шинэ “эхнэр”-ээсээ “гуйвуулж” гувчуулсан мөнгийг Бао Лид увуулж цувуулж өгөх явцдаа хэлмэрч найзынхаа гарыг хүндрүүлэн явцын дунд хятад эрийг өөрийн талд болгож авсан байх юм. Ийнхүү хуйвалдагчдын эгнээ өргөсөн, өргөссөөр эцэст Цогтсайхан өргүй болж, харин түүний нэр дээрх өр Оюунгэрэл дээр арай өөр томъёололтойгоор шилжин очжээ. Энэ бүгдийг Оюунгэрэлийн найз нөхөд, өмгөөлөгч нь мэдэж, холбогдох баримтыг цуглуулан бүрдүүлж өгсөн ч тусыг эс олжээ.

Гансүх гэх эр “өвчтэй” болон жүжиглэхээсээ эхлээд багын танил бүсгүй Оюунгэрэлийг мэхэлж, хууран ахиухан мөнгө салгаж авахыг хичээж байсан алхам тутмын үг, үйлдлийг эргэн харахад ил байдаг гэнэ. Гэтэл нулимс унаган байж, хонуут өнжүүт уйлан хайлж байж сэтгэлийг уяраан суусан тэр эр хэрэгтэн болгож ангал руу түлхчихээд хээвнэг хуучин эхнэртэйгээ хил даваад алга болжээ. Энэ нь ч шүүх хурал болоод энэ асуудлыг шийдэж Оюунгэрэлийг “далд ортол” орогнох сонголт нь байсан гэдэг нь тодорхой. Гансүх өнгөрсөн хугацаанд Оюунгэрэлийн нэр дээр байсан жижиг зоогийн газрыг “Заръя. Чирэгдэл ихтэй” гэсээр байгаад зарсан нь Цогтсайханыхаа өрийг төлсөн эхлэл нь байжээ.

Түүний зувчуулсан мөнгө, хөрөнгийг багаар бодон тооцож үзэхэд 300 сая хол давна гэж өмгөөлөгч нь баахан баримт үзүүлж байна лээ. Гэвч Оюунгэрэлд бүх асуудлыг холбогдуулан, зөвхөн түүнийг буруутгахыг, яллахыг зорьсон нь учиртай. Гансүх гэгч хүний үнэргүй эр томоохон албан тушаалтанд байр бэлэглэсэн гэх яриаг баталгаажуулсан боловч түүний ямар ч үйлдэл гэм бурууг ойшоохгүй байгаад гайхдаг гэж Оюунгэрэл ярьж байна. Хамгийн эцэст сэтгэл сэрдхийлгэсэн нэг зүйл бол Гансүх Оюунгэрэлийн гэрт байхдаа нэг ламыг хоёр дахин авчрахдаа “Ажил үйлсээ бүтээлгэх” биш, түүнийг хар гэрт аваачих хаалгыг нээлгэж байжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*