Аавыгаа уучлаарай, ээжид нь бодох хугацаа олгохоор явлаа

Намайг уучлаарай. Би чиний сайн эцэг л байхыг хүссэн. Гэвч чадсангүй. Ээжид чинь дэндүү их хайртай, чамд бол түүнээс ч илүү хайртай гэж боддог байлаа. Гэвч энэ бүгд сайн эцэг хүн байхад хангалтгүй бололтой. Цаг хугацаа урсана. Чи том болно. Хэзээ нэгэн цагт намайг яагаад чамаас уучлалт гуйсныг ойлгох байх аа. Би бусдын нүдэнд сайн аав, сайн эцэг хүн шиг харагддаг ч гэр бүлээ аваад явж чадахгүй, ээжийг чинь мөс шиг хүйтэн хүн болгочихсон тийм л муу эр хүн. Ийм хүн өөрийгөө сайн аав гэж бусдаар магтуулаад яах юм бэ.

Чинийх байх ёстой тэр сайхан ирээдүйг би үгүй хийсэн. Цаашид инээж авахуулах байсан тэр зургууд одоо байхгүй. Тиймээс охин минь чамтайгаа аав нь сүүлийн удаа инээж зургаа даруулья. Салахыг аав хэзээ ч хүсээгүй. Гэвч мөс болчихсон ээжийн чинь хажууд өөрийгөө ч чамайг ч зовоож удаан байхыг хүссэнгүй. Магадгүй би байхгүй бол та хоёрт инээх өдөр олон ирэх байх. Ээж чинь надтай байхыг хүссэнгүй. Аав нь уг нь хүссэн, чамайг л элэг бүтэн байлгахын төлөө чадах бүхнээ хийж шүд зуулаа.

Гэвч нэгэнт бутраад уначихсан зүйлсийг яаж ч наагаад хуучин хэвэндээ ордоггүйн адилаар одоо ээж бид хоёрт нь жаргалтай дурсамжаас өөр инээлгэх зүйл үлдсэнгүй. Үүнд чи ямар ч буруугүй. Үүнд ээжийн чинь ч буруу байхгүй, охин минь. Ийм байдалд хүргэсэн аавынх нь л буруу. Сайхан зүйл мөрөөдөж холыг зорьсон ээжийг чинь мөрөөдлөө биелүүлээд эргээд ирэх хүртэл нь аав нь шүд зууж чамайг элгэндээ тэвэрч унтаж байлаа. Эр хүн учраас гансрах үеүүд байсан. Гэхдээ хэзээ ч нэг шөнийн жаргалаар та хоёртойгоо хамтдаа өнгөрүүлэх тэр аз жаргалтай өдрүүдийг солиогүй юм шүү. Нэг л өдөр ээж нь ирнэ… Тэгээд л гурвуулаа урдын адил инээж, урдын адил кино үзэхээр явна гэж төсөөлж байлаа.

Үүний төлөө л цаг цаг биш гэж, өдрийг өдөр биш гэж мартаж зөвхөн ажилдаа, зөвхөн чамд бүхий л анхаарлаа төвлөрүүлж, бусдыг нь мартаж байлаа. Гэвч энэ төсөөлөл аавыг нь эвдэж, ээжийг чинь хайрлах ёстой, хол байгаа хүнд дэм өгч, урамшуулах ёстой гэдгийг мартчихсан байна.

Тэгээд л гэнэт ухаан орсон хүн шиг ээжийнх нь зорилгыг мартаж, аль болох л хурдан гэртээ ирэхийг шаардаж эхэлсэн. Ээж чинь учирлаж байсан л даа. Нэгэнтээ зориод ирсэн үр дүнг нь үзмээр байна гэдэг байсан. Аав дэмжиж байгаа ч яагаад гурван зүрх биесээ санаж, амьдрах ёстой юм бэ гэж бодсон. Энэ бүх цээжинд хоосон оргисон өдрүүдийн дараа ээж чинь ирэхдээ бүхнийг шийдээд иржээ. Тэр надгүйгээр чамтай байхыг хүсч ирсэн байна. Тэр надгүйгээр чамайг хайрлаж чадна гэж өөртөө бүрэн итгүүлсэн байна.

Аав нь гуйсан, аргадсан. Энэ нь чамд бид хоёр муудалцаж байгаа мэт харагдсан байх л даа. Тиймээ чиний зөв. Бид хоёр асуудлыг хэрэлдэхгүйгээр, муудалцахгүйгээр шийдвэрлэж чадахгүй болчихсон байна. Өмнө нь нэг зүйлийг хүсч, нэг зүйлийг мөрөөдөж явахдаа чамайг төрүүлсэн. Гэвч ээжийг нь сурахаар явсан өдрөөс хойш бидний зам салчихсныг аав нь одоо л ойлгож байна. Хэн нэг нь өөр хүнтэй болж, нэрээ хугалаагүй гэдгийг бардам хэлэхийг хүслээ. Гэвч ээжийг нь онгоцонд суулгаж өгөөд араас нь сүү өргөж сайн сайхныг ерөөж байх тэр үед л зам салж байсныг ойлгосонгүй. Энэ л аавынх нь буруу. Өөрөө зорилгоод хөдөлж чадаагүй. Тэгсэн мөртлөө зориг гаргаад хүний нутгийг зорьсон нэгийгээ араас нь зовоож хурдан ирэхийг шаардсан аавынх нь л буруу.

Одоо ээж чинь нэгэнтээ шийдчихжээ. Би л байхгүй бол та хоёрт инээх өдрүүд олон байна гэдэг итгэсэн байна. Тэгвэл аав нь чиний инээх өдрүүдийн төлөө хаалгаа гаднаас нь хаая даа. Гэхдээ би чамаас холдохгүй ээ. Гараас чинь хөтлөхгүй ч бүдэрч унагаахгүйн төлөө явах замыг чинь цэвэрлэсээр байх болно.

Хааяа ээждээ зодуулахад чинь өмөөрөх хүнгүй болох байх, шүд зуудаг юм шүү. Ээж нь чамд дургүй дээ биш чамайг л ухаантай болгох гэж гар хүрдэг юм. Орой ариун цэврийн өрөө рүү ганцаараа явахаас битгий айгаарай. Тэнд мангаа байдаггүй гэж аав чамд зөндөө хэлсэн дээ.

Айлын хүүхдүүд аавдаа хэлнэ л гэх байх, яах вэ миний охин. Аав нь хажууд нь байхгүй ч чамайг явсны дараа тэр хүүхдүүдийг загначих болохоор битгий гомдож уйлаарай. Сүлд модыг нь засч, гэрлийг нь асааж өгөхгүй нь. Гэхдээ ээж нь засаад өгчих байхаа бүү санаа зов. Харин өвлийн өвгөн дахиж очиж чадахгүй байх шүү. Ойлгоорой. Тэд зүгээр л сахал зүүсэн аавынхан найз байсан. Хэзээ ч уйлж болохгүй шүү. Чи бид хоёрт уйлсан олон шөнүүд байгаа. Ээжийгээ санаж, бэртгэрч, өвдөж хоносон ч шөнүүд олон бий. Одоо ээж нь ирчихлээ. Тэгэхээр битгий уйлж, бас өвдөөрэй… Ээжид нь бид гурав хамтдаа байх ёстой гэдгийг ойлгох хугацаа хэрэгтэй болчихсон байна. Энэ хугацаа хэр удаан үргэлжлэхийг аав нь хэлж мэдэхгүй юм. Хэрвээ хүсвэл аав нь маргааш өглөө ч буцаад очиход бэлэн байгаа шүү. Тийм болохоор аавыгаа санаад уйлж болохгүй. Аав нь охиндоо хайртай …

Хоёулаа ээждээ бодох хугацаа өгье… бас чамд хэлэлгүй явах шийдвэр гаргасан аавыгаа уучлаарай. Хэрвээ ээж чинь надгүйгээр чамайг өсгөх нь зөв гэж шийдсэн бол хоёулаад өөр сонголт үлдэхгүй нь дээ. За яах вэ, амьдрал нэгээр дуусах биш аав нь гараад явах өдөр байхад миний охин хаалга тогших өдөр ирэх байлгүй дээ… Баяртай, охиноо чанга тэвэрч үнсье…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*