МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНХ УДАА ОРОС ГЭРГИЙГЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

Х.Баттулга Орос эхнэр авчихжээ, үүгээр нэг, түүгээр дүүрэн яриа. Хэрэв орос эхнэртэй Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонговол орос тэргүүн хатагтайтай болох юм байх. Хариуд нь М.Энхболд даргын аав бас “гадаад эхнэр” буулгасан түүхийг сануулах гээд ч байх, сануулах ч гэж дээ, ярихаар л санагдаад байгаа юмыг чинь яах вэ дээ? Эсвэл манай ард түмэн жаахан үндсэрхэг үзэл гаргаад “Тэртэй тэргүй “арвай, будаа холилдсон хүн” Ерөнхийлөгч болохгүйгээс хойш, өөрийнхөө хүний эхнэрт санаа тавьсан нь дээр” гэж бодоод байна уу, үгүй юу?…
Энэ бол Монголчуудын “эзэн” сэтгэлгээний илрэл юм.

Эзэнт гүрний үед манай хаад байтугай ноёд “гадаад эхнэр” авчихаж гэж гайхдаггүй байсан, лав л манай ноён гадаад хатан буулгачихаж, улс орон гадаадын нөлөөнд орох нь гэж бичсэн нэг ч сурвалж алга. Угаасаа л тэдүйд гадаад эхнэр авчраад өгдөг байсан. Өгөхгүй бол “Булаагаад авах санаан байна…” гээд морддог байлаа. Модун шаньюй нийслэлийнх нь хаяанд цэрэглэж очоод Хан династийн хатан хааныг “найрч” эхнэрээ болгох гээд “Энх ургийн гэрээ байгуулахыг шаардаж” өнөөдүүл нь “Манай яйжийсан чавганцаар яах гэсэн юм бэ?, Та өөр залуу сайхан яньжи авчих л даа ” гэж бичиг ирүүлээд, “өгөхгүй гэж гуйгаад” хөгийн юм болж байсан түүх ч бий. Тэр үед Хятадууд манайхаас айдаг байж, харин өнөөдөр манайх Хятадаас айдаг болж. Гэхдээ коммунизмын үед манайх ЗХУ-тай “Энх ургийн гэрээ”-тэй, орос тэргүүн хатагтайтай байлаа. Сүүлд Оросууд өгсөн бэрээ хэтэрхий монголжчихож, нөхөртэйгээ нийлж манайхыг тоносон гээд тэтгэвэр ч үгүй ганцааранг нь үхүүллүү яалаа? Ер нь эхнэрийн асуудал Монголын төрийн нэг том асуудал мөн үү? гэвэл мөнөөсөө мөн. Хэрэв эхнэрт нь санаа тавьж байвал тэр хүндээ л санаа тавьж байна гэсэн үг.

Богд хаанд монгол хатан буулгахаас эхлээд Маршалын Дэвээ хүүхнийг Гүндэгмаа гуайгаар солих, Бал даргыгаа монгол эхнэртэй болгох монголчуудын “идэвхгүй оролдлого” ба хамгийн сүүлд С.Баярын эхнэрт санаа тавьсан шуугианыг хүртэл асуудал явсаар л, харин нэг зүйл ялгааг ойлгохгүй мунгинаад байдаг. Одоо бол хоёр нэр дэвшигчийнхээ эмэгтэй талыг шинжээд байх шиг, удахгүй тэгээд халз тулна биз дээ. Гадаад эхнэр бол Эзэнт гүрний үед эзэн эрхийн бэлгэдэл, Манжийн талхидлын үед хараат байдлын бэлгэдэл байлаа. Монголчууд сүүлийн 300 жил хараат байсан учраас түүнээс өмнөх 500 жилд гадаад эхнэр авдаг бахархал нь болгоомжлол болж хувираад байгаа юм, эзэнт гүрний үеэ их ярьдаг атлаа…

Харин өнөөдөр? Өнөөдөр эрх чөлөөний эрин үед эхнэр бол асуудал биш шүү дээ. Ер сайн эр гаднаас эхнэр “булаадаг” нь Монголын үлгэр туулийн нэг гол сэдэв юм. Өнөөдөр болгоомжилдог нь ганцхан үндэслэлтэй, “өмнө зүгийн хар хятадаас л эхнэр буулгаж болохгүй” гэсэн. Тэгвэл шуудайтай хар будаанд атга арвай уусахтай адил, хамар нармай нь ялгарахгүй болно гэж үздэгийнх, харин орос зүгийн эхнэр бол асуудалгүй л дээ. Монголчууд юмыг маш сайн “хоёр хуваадаг” менталитеттай. Өндөр гэгээний хэлдгээр хойшоо орос (шар хятад), урагшаа хар хятад, гүйцээ. Орос гэдэгт оросоос гадна, европчууд ер нь шарууд (тэд өөрсдийгөө цагаан гэдэг) хамаарагдана. Харин хятад гэдэгт хар хятадууд (олон улсад тэднийг шарууд гэдэг ч манай уламжлалт ярианд хар л гэдэг) түүнээс цаашхи усны хөвөөний Азиуд багтана. Мусульмануудыг бол эрт цагт сартууд саяхныг болтол чантуу, хуйхуй л гэдэг байсан. ШУ хөгжиж боловсрол дээшлээд одоо цагт овоо ялгадаг болсон, гэхдээ л бас “санаатай санаадгүй” андуураад байх боллоо.

Х.Баттулгын эхнэр нь орос биш чечень хүүхэн юм байна. Хүүхдүүддээ Марат, Мурат голдуу “казак” маягийн нэр өгчихөж гэж мэдэмхийрсэн нь энэ асуудлыг “судалсан” хүний боловсролын хэмжээ, гэтэл орос эхнэртэй бол “Саша, Маша” голдуу л нэр өгнө биз дээ. Орос гүрэн ч дотроо 190 үндэстэнтэй, тэднийг бүгдийг нь орос гэвэл баларсан юм болно биз? Тэгвэл манай буриад, тува, халимгууд, Алтайн ойрдууд бас л орос болчихно доо. Монголчууд бол ер нь жинхэнэ харууд, хар зүгийнхэнтэй цус холилдохоос болгоомжилдгоос биш цагаан зүгийнхэнтэй бол асуудалгүй л дээ. Ер нь Азийн хамгийн европжсон улс гэдэг юм, Монголчуудыг. Мань Женко яахав дээ, уулынхнаас нэг хүүхэн “булаагаад” орчин үеийнхээр бол “буулгаад” ирж… Надад бол болж л байна. Оростой үзэлцдэг Чеченьчүүдээс хүүхэн хулгайлдаг “Сайн эр”…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*