“Монголын зэс” корпорацид Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигчийн гэрчилгээг олголоо

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргааныг Улсын дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр эцэслэн “Монголын зэс” корпорацийн талд шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу Оюуны өмч улсын бүртгэлийн газар “Эрдэнэт үйлдвэр” ХХК дахь “Монголын зэс” корпорацийн 49 хувь хувьцаа эзэмшлийн хууль ёсны эрхийг сэргээж, хуулийн этгээдийн гэрчилгээг өнөөдөр шинэчлэн олгожээ.

Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч улсын бүртгэлийн газарт тус тус чиглэл болгон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн дагуу “Монголын зэс” корпорацийн хууль ёсны өмчлөх эрхийг сэргээсэн нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Энэхүү асуудал “Монголын зэс” корпорацийн асуудал гэхээс илүүтэйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон зуун гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, олон мянган дотоодын аж ахуй нэгжид хууль ёсны эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалах, шүүхээр маргааныг шударгаар шийдүүлэх эрх зүйт төр байгааг харуулсан гэдгээрээ онцгой ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*