ШУУРХАЙ: 0-5 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!!!

Энэ жил халдварт менингит өвчний гаралт нэмэгдэх төлөвтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж буй. Уг өвчний халдвар өвөл, хаврын улиралд ихэсдэг байна. Тэгвэл энэ жил халдварт менингитийн өвчлөл хэр байгаа талаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа.

-Энэ жил халдварт менингит өвчний халдвар хэр их байна. Одоогоор танайд эмчлүүлж байгаа хүн бий юу?

-Энэ өвчний халдвар хүйтний эрч суларч, дулаан орохоор ихэсдэг. Гэхдээ энэ жил харьцангуй гайгүй байна. Он гарсаар хоёр, гурван хүн эмчлүүлээд гарсан. Одоогоор манай эмнэлэгт менингококкийн халдвар аваад хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн байхгүй. -Менингит өвчнөөр хэдэн насныхан өвчлөх нь их байдаг вэ?

-Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь 0-14 насныхан байдаг. Дархлаа суларсан бага насны хүүхдүүд энэ өвчний халдвар авах эрсдэл өндөр. -Энэ өвчний шинж тэмдэг ямар хэлбэрээр илэрдэг вэ?

-Менингококк гэдэг вирусаар халдварладаг. Энэ вирусын халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг даардас хүрэх, тайван бус болох, өндөр халуурах зэргээр илэрнэ. Толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болдог. Мөн дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганадаг. Өвчний хоёроос таван хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилждэг. -Өвчний далд үе нь хэд хоног үргэлжилдэг вэ?

-Ихэвчлэн гурваас таван хоног үргэлжилдэг. Менингококкт халдварын эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илэрдэг. Тиймээс эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрнэ. Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илэрдгийг хоолны хордлого, тархины доргилт зэрэгтэй андууран буруу эмчилснээс болж хүндрэх шалтгаан болдог. -Менингит өвчин бүрэн эмчлэгддэг үү?

-Хүндэрсэн тохиолдолд архагшдаг. Менингококкын халдвараар өвчлөгсдийн дөрвөн хувь нь ямар нэгэн үлдэцтэй эдгэрдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс өвчний шинж тэмдэг илрэнгүүт л эмчид хандах хэрэгтэй. Өвчнийг даамжруулж, хугацаа алдах нь амь насанд аюултай.

-Халдвараас хэрхэн сэргийлэх вэ? -Энэ өвчин нь агаараар дамждаг болохоор оюутан сурагчдын дотуур байранд их гардаг. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар аль болох явуулахгүй байх, дулаан хувцаслаж, цэвэр агаарт тогтмол гаргаж байх нь чухал. Мөн дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц буцалгаж өгөх, сармисны ханд хэрэглүүлж сургах, нимбэг, царван, сода, давсны уусмал зэргийн аль нэгээр хоолойгоо зайлах нь үр дүнтэй байдаг. Өвчнөөс сэргийлэхийн тулд хамар, хоолойны цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх хэрэгтэй.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*