Хөлдүүс болсон байшинд чичирч хэвтсэн хоёр хүүхдийн буян заяа түшлээ

Өвлийн хахир хүйтэнд цонхоо гялгар уутаар хаасан, цементэн шалтай хүйтэн байшинд бага насны хоёр хүүхдийн хамт маш зутруухан амьдарч, өдөр хоногийг дагжин чичрэн өнгөрүүлж байсан Нарангэрэл бүсгүйн тухайманай сайт саяхан мэдээлж байсан билээ.Тэгвэл энэхүү өрөвдөлт гэр бүлд сайн санаатай хэсэг бүлэг хүмүүс туслахаар санаачлага гаргаж, байшинг нь засч янзалж байгаа тухай гэгээлэг сайхан мэдээ олон нийтийн сүлжээгээр түгж байна.

“Утааны эсрэг ээж аавууд” хэмээх фэйсбүүк группийн хэсэг гишүүд энэхүү буянтай үйлсийг бүтээж байгаа бололтой. Тэд гэрийн эзэн эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт зочид буудалд түр байрлуулаад ажилдаа орон, аль болохоор хурдан хугацаанд засч дуусгахаар шамдаж байгаа аж. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэгчлэн, хэд гурваараа санаа нэгдээд хөдөлбөл юу ч тэдний хувьд бэрхшээлд тооцогддоггүй аж. Хүн бүр л эрвийх дэрвийхээрээ чадах зүйлээ хийцгээн, өрх толгойлсон эмэгтэйн гэр орныг танихын аргагүй болтол засч янзлан өөрчилж байгаа бололтой. Мөн сайхан сэтгэлтэй нэгэн гэр бүлийн хоёр тэдэнд шинэ угаагуур, будаа агшаагч авчирч өгөөд явсан тухай тэд ярьж байна.

“Олны хүч оломгүй далай” гэж үнэхээр онож хэлсэн үг шүү. “Хэнэггүй гөлгөр” төр засгийг харж хий дэмий горьдлого тээж байхаар энэ мэтчилэнгээр, хэсэг бүлгээрээ санаачлага гарган зовж зүдэрсэн хэн нэгэнд тусалцгааж байвал мөн ч их буян болохоор байнаа…

САЙН ҮЙЛС БҮХЭН ТҮМ БУМААР АРВИЖИХ БОЛТУГАЙ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*